Friday, January 27, 2012

Сэргэн мандалтын үе

Сэргэн мандалт нь 13-р зууны сүүл үеийн Флоренцоос үүсэлтэй гэдгийг ихэнх түүхчид хүлээн зөвшөөрдөг ба Данте Алигери (1265-1321), Франческо Петрарка (1304-1375) нарын зохиолууд, Жиотто ди Бондоне (1267-1337)–гийн уран зураг нь сэргэн мандалтын үеийн гол төлөөлөл юм. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эрдэмтэд, уран барилгачид, зураачид, зохиолчид зэрэг хүмүүс хоорондын өрсөлдөөний үр дүнд сэргэн мандалт хэмээх ойлголт бүхий л салбарт бий болсон гэж үздэг.
Сэргэн мандалт нь яагаад анх Итали улсад үүссэн, чухам яагаад үүссэн талаарх асуудал нь өнөөг хүртэл маргаантай асуудлуудын нэг байсаар байгаа билээ. Тийм ч учраас үүний гарал үүслийн тухай хэд хэдэн онол бий.
Сэргэн мандалтын үеийн турш мөнгө болон урлаг нь гараас гарт дамжин явдаг байсан учир нь уран бүтээлчид амьдралаа залгуулах болон уран бүтээлээ туурвихад хэрэгцээт мөнгөө үйлчлүүлэгчдээсээ олдог байсан. Энэ нь уран бүтээлчид үйлчлүүлэгчдээсээ бүрэн хамаарна гэсэн үг.
14-16 дугаар зууны үед Итали нь Ази болон Европ руу худалдаагаа өргөжүүлсний улмаас эд баялаг тэнд цугларах болжээ. Тироль дахь мөнгөний уурхай нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлсэн. Дорноос Загалмайтны армийн авч ирсэн чамин хээнцэр хэв маяг нь Женоа болон Венецийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлжээ[1].
Дээд дундад зууны үед латин эрдэмтэд Грек болон Арабын байгалийн шинжлэх ухаан, философи, математикийн судалгааны ажлуудад төвлөрч байсан бол Сэргэн мандалтын үеийн эрдэмтэд Латин ба Грекийн утга зохиол, түүхийн бүтээлүүдийг сэргээхэд гол анхаарлаа хандуулж байв.Дундад зууны төгсгөлийн Итали орон улс төрийн өвөрмөц системтэй байсан. Итали нь нэгдсэн төрт улсгүй, жижиг хот-улсууд болон газар нутгуудад хуваагдсан байдалтай байлаа: Италийн өмнөд хэсэгт Наполийн вант улс, төв хэсэгт Бүгд Найрамдах Флоренц Улс болон Папын муж, хойд болон баруун бүс нутагт Милан болон Женоа, зүүн хэсэгт Венец оршин байв. 15-р зууны Итали нь Европын хамгийн хотожсон бүс нутгуудын нэг байлаа[2]. Олон хот Эртний Ромын үеийн барилгуудын балгас дунд байрлаж байсан нь сэргэн мандалтын сонгодог мөн чанар нь Ромын эзэнт гүрний зүрхэн хэсэгт оршиж байсантай холбоотой хэмээн бодогдуулна[3].
Венец нь Дорнодтой худалдаа хийх Европын гол хаалга, сайн чанарын шил үйлдвэрлэгч хот байсан бол харин Флоренц нэхмэл эдлэлийн төв байсан байна.
Италид сэргэн мандалтын үед урлаг, түүний дотор уран зураг ихэд хөгжсөн. Уран зураачид гэрэл, сүүдрийг судалж, тэр ч бүү хэл Леонардо да Винчи хүний биеийн бүтцийг судалж, уран зургийн шинэ аргыг бий болгож байлаа. Ийнхүү гоо зүйн тогтсон ойлголтууд бий болсон юм.
Уран барилгын хувьд, Филиппо Брунеллески эртний сонгодог барилгуудын туурийг судлан хэв маягийг нь дахин сэргээхэд нэлээд хувь нэмрээ оруулсан уран бармилч юм. Түүний гол бүтээл нь Флоренцын цогчин дуганын бөмбөгөр оройт байгууламж юм[4]. Ийм зарчмаар баригдсан анхны барилга нь Мантуад Альбертагийн барьсан Гэгээн Эндрьюгийн сүм байлаа.
Эртний судалгааны ажлууд олдож, мөн хэвлэл бий болсон нь сурах үйл явцыг ардчилж, санаагаа нийтэд хүртээмжтэй болгоход дөхөм болгожээ.
1492 онд Христофер Колумб Шинэ ертөнцийг нээсэн нь Птолмей (геометр), Гален (анагаах ухаан) зэрэг эртний эрдэмтдийн ертөнцийг үзэх сонгодог онол амьдралд үл нийцэж буйг тодорхой болгох эхлэл болжээ. Тийм ч учраас энэ үеийг шинжлэх ухааны хувьсгалын үе буюу орчин үеийн шинжлэх ухааны эхлэл гэдэг[5]. Галилео Галилей, Тихо Брахе, Иоханнэс Кеплер нар шинжлэх ухаанд дэвшил авчирсан нээлтүүдийг чухам энэ л үед хийжээ[6]. Шинэ шинжлэх ухаанч аргууд одон орон, физик, биологи, анатомийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Сэргэн мандалт нь хүн ба Бурханы хоорондын харилцааг хүмүүст ойлгуулах замаар орчин үеийн шашин судлалд хүчтэй нөлөө үзүүлсэн[7].15-р зуунд сэргэн мандалт нь төрөлх Флоренцоосоо Италийн бусад нутгууд, улмаар Европ дахинд асар хурдтайгаар тархсан. 20-p зуунаас эрдэмтэд сэргэн мандалтыг бүс нутаг, үндэсний хөдөлгөөн тус бүрээр хуваан авч үзэх болсон.Англид Элизабетын эриний үед Уильям Шекспир, Кристофер Марлоу, Эдмунд Спенсер зэрэг зохиолчдын бүтээлүүд Английн сэргэн мандалтын эхлэлийг тавьсан билээ.

No comments:

Post a Comment