Элизабет Английн Гринвич дэх Плацентын ордонд төржээ. Тэрээр Английн хаан VIII Хенри болон түүний хоёрдугаар хатан Анн Болейн нарын дундаас төрсөн болно. Түүнийг дөнгөж 3 настай байхад эх нь нууц амрагийн хэргээс болж цаазаар авхуулсан бөгөөд Элизабет "гүнж" хэмээн дуудагдах эрхгүй болсон байна. Анныг нас барсны дараа VIII Хенри хаан Жейн Сеймур хэмээх эмэгтэйтэй гэрлэн хатан хаан болгосон ба тэд Эдвард хэмээх хүүтэй болов. Тухайн үед эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс илүү жолоодогч гэж үздэг байсан ба нялх Эдвард ч хаан ширээ залгамжлах нь тодорхой болжээ.
VIII Хенри хаан Мэригийн эхээс салах үед Пап ламтай муудалцсан бөгөөд Английн ихэнх иргэдийг Ромын католик шашнаас болиулсан байна. Харин Мэри нь католик шашинтай байсан тул хатан хаан болсон даруйдаа ижил шашинтай Испанийн хаан II Филипптэй гэрлэв. Энэхүү гэрлэлт нь түүний нэр хүндийг ихэд унагасан болно. Хатан хаан Мэри Англид нэг ч хүн үлдэлгүй эргээд Ромын католик шашинд орохыг хүссэн ба үүнээ Элизабетад ч мөн шаарджээ. Элизабет католик шашинтан биш байсан бөгөөд ард иргэд түүнийг Мэригээс илүүд үзэн хатан хаан болгохыг хүсэцгээсэн байна. Элизабет Мэригээс хатан хааны суудлыг булаахыг санаархсан хэргээр Лондоны Цамхагт хэсэг хоригдсон ажээ.
Хатан хаан Мэри нас барж 1558 онд Элизабет Английн хатан хаан болов. Түүнд титэм гардуулах ёслол Вэстминстерийн Ордонд 1559 оны 1 сарын 15 өдөр болсон байна. Хатан хаан I Элизабет католик болон протестантыг хамтад нь зөвшөөрсөн ба хүмүүсийг аль шашинд итгэж байгаагаасаа болж шийтгэл амсахыг үл сайшаасан байна. Харин сүмийн дүрэм журмыг сахих талд хатуу чанга хандаж байжээ.
Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж нэрлэдэг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна. Тэрээр нас барахдаа Францын хааныг өөрийн залгамжлагчаар зарласан бөгөөд энэ шийдвэр нь 2 орныг нэгтгэсэн хэдий ч төдийлөн оновчтой шийдвэр биш байжээ. Түүнийг нас барсны дараа удалгүй тэмцэл гарч Англи улс сулран доройтоход хүрчээ.